cover-event

HACKUB тэмцээнийг яагаад зохиох болов?

Ажилд ороод удаагүй байлаа. Тэр үед: “Амазон-д ажилладаг гэхээр, хайрцаг зөөдөг юм уу?” гэсэн утгатай нийтлэл багагүй тарчихсан байсан. Үүний дээрээс миний туршлага дээрээ үндэслэн чадан ядан бичсэн: “АНУ-н компаниудад ажлын ярилцлага өгсөн туршлагаас” гэсэн сэдэвтэй блог пост маань санаснаас бүр хамаагүй ихээр газар авчихсан байсан үе.

Яг энэ үед надруу хэд, хэдэн хүмүүс холбогдож асуултууд тавьж байсны хамгийн их сонирхолтой нь: “Амазон-д Монголоос бараа зарж болох уу?“, “Амазон-д яаж нийлүүлэгч болох вэ?” гэсэн асуултууд байсан юм. Миний хувьд хамгийн сайн санаж байгаа 2 хүмүүсийн нэг нь хувцас бүтээгч, дизайнер байсан бол нөгөөх нь модон хийц, гар урлалч, бүтээгч байсан юм. Энэ хүмүүсийг би: “бүтээгч” гэж нэрлэх дуртай. Учир нь энэ хүмүүс зүгээр дамын наймаа, бизнес хийж байгаа хүмүүс биш яг өөрсдөө хийсэн, бүтээсэн зүйлстэй хүмүүс байсан нь их анхаарал татаж байсан.

Би бас дотроо: “нээрээ Амазоны сайтууд дээр Монголоос бараагаа шууд борлуулж болдог юм болов уу” гээд судалж үзтэл бүртгэлийнх нь анкет-д: “Монгол” гэдэг үг ч харагдахгүй байсан юм. Ингээд миний тархинд: “Яагаад?” гэдэг асуултууд ар араасаа төрч, нэг л их юмнаас хоцрогдоод яваад байгаа юм шиг сэтгэгдэл төрж, энэ асуултын хариуг олох, мөн энэ байдлыг эвдэж, өөрийнхөө чадах хэмжээнд ямар нэг шийдэл олохыг зорилтоо болгосон билээ.

Томоохон корпораци компанийн нэг давуу тал нь мэдлэг, мэдээлэл хайж олоход заавал хэн нэгнээс асуугаад байлгүй, өөрөө сайн хайж, судалвал эхний ээлжийн хангалттай мэдээллийг олоод авчихаж болдог. Ингээд дотоод системүүд дотроо: “Монгол” гээд хайж эхэллээ. Үндсэн 5-6 маш том мэдээллийн цогц системүүд байдаг. Хайсан хайлтын үр дүнд гарж ирж байгаа зүйлс нь ерөөсөө л дэлхийн улсуудыг жагсаасан жагсаалт дотор Mongolia гэдэг үг харагдахаас өөр онц зүйлс олдсонгүй. Эхний 2 өдрийн судалгааны ажил маань иймэрхүү дууссанд яагаад ч юм сэтгэл дундуур байсан ч, бууж өгсөнгүй архивууд ухаж үзэхээр шийдэв. Архив ухахдаа, өнөөх Амазоны сайт дээр борлуулагч болж бүртгүүлэхэд хэрэглэдэг анкетын системийг хариуцдаг багийг олж тогтоон, тэднийхтэй холбож хайлтуудаа үргэлжлүүллээ. Ингээд аалзны тор шиг их мэдээлэл дунд орж, 1 линкнээс нөгөө линк, нөгөө линкнээс бас нэг линк…гэж явсаар нэг мэдэхэд яг хэрэгтэй зүйл дээрээ буусан юм. Ерөнхийдөө дэлхийн орнуудыг 3 хуваачихаж.

1-р зэрэглэлийн орнуудад АНУ, Канад, Япон…гэх мэт өндөр хөгжилтэй орнууд. 2-р зэрэглэлд нь дараагийн ээлжийн тэлэх зах зээлтэй орнууд. Гэтэл 3-р зэрэглэлд манай орон байхыг хараад яагаад ч юм шар гозойх шиг болсон юм. Зүгээр орхисонгүй өнөөх багаас нь заваал олж мэдхийг хүслээ. Ингээд магадгүй Амазончууд анхныхаа удаа ажилд ороод удаагүй байгаа хүнээс гэнэт Монголын талаар имэйлүүд авч эхэлсэн болов уу. Маш хялбар зүйл л асуусан: “Монгол улсад маш олон чадвартай, бүтээгчид, үйлдвэрлэгчид байна. Гэтэл борлуулагчаар бүртгүүлэх гэхээр Монгол орон сонгох сонголтон дээр нь алга байна. Энэ асуудлыг яаж шийдэх вэ?“. Хэд, хэдэн хүн дамжсаны эцэст энэ чиглэлээр хариуцаж ажилладаг нэг багийн менэжэрээс ирсэн хариулт товчхондоо бол: “Монгол улсаас Амазоны сайтууд руу ирж байгаа хандалт бараг харагдахгүй байна. Манайх тэлж болох зах зээлүүдийнхээ нэг шалгуураар вэбсайт-рүүгаа ирж байгаа хандалтын мэдээллийг хардаг юм. Хандалт багатай оронд зах зээлийн судалгаа хийх хүн, хүч одоохондоо байхгүй.” гэсэн юм. Энэ хандалтыг яаж бий болгох вэ?

Нэг мэдхэд АНУ-н талархлын баяр, зул сарын баяр гээд хамгийн завгүй өдрүүд эхэлж ажилдаа дарагдчихав. Ямар ч байсан өнөөх сураг тавьсан 2 хүндээ хариуцлагатайгаар мессэж бичиж, ийм юм боллоо гэсэн жижигхэн тайлан өгч амжсан. Гэхдээ л энэ бодол ерөөсөө толгойноос гардаггүй байсан юм. Нэг өдөр AWS буюу Amazon Web Service-н талаар судалж байгаад, олон улсын маркетингийн хүнтэй нь ярих боломж олдсон юм. Сонирхоод Монголын талаар асуутал бас л өгч байгаа хариулт нь – Монгол улсаад 1, 2 байгууллага л албан ёсоор AWS технологиудаас хэрэглэдэг гэсэн мэдээ байдаг, тэрнээс ер нь хандалт маш бага тул зах зээл гэж тооцохгүй. Манай бүтээгдэхүүнүүдийн талаар бараг мэддэггүй байх гэсэн зүйл хэлж байсан санагдаж байна. Энэ 2 тохиолдолд нийтлэг ажиглагдсан зүйл нь юу вэ гэхээр Амазон шиг хэмжээний компань Монголыг зах зээл гэж тооцохын тулд Монголд хүмүүс нь тэр зах зээлийг бий болгох хэмжээний шаардлага үүсчихсэн, сонирхлоо илэрхийлчихсэн байх хэрэгтэй болж таарах нь. Харамсалтай нь энэ мэдээлэл Амазоны зүгээс байхгүй, “#харанхуй” байгаа болохоор авч хэлэлцдэггүй болж таарлаа. Гэтэл магадгүй та: “Заавал яагаад Амазон гэж? Ер нь Амазон гэж хэн юм? Эднийхтэй, эднийхгүй болоод л байна…” гэж магадгүй.

Маш товчхондоо бол – хамгийн хурдан, шуурхай, найдвартай, чанарын баталгаатай байдлаар бараа, бүтээгдэхүүнээ дэлхийн олон САЯ хүмүүст хүргэх боломжийг бий болгож чадахуйц онлайн худалдааны платформ. Энэ том өгүүлбэрийг жаахан задлаад, тоо баримттай дурьдвал: Өнгөрөгч оны байдлаар нийт 14 оронд Амазоны вэбсайт үйл ажиллагаагаа явуулж, бараа бүтээгдэхүүнүүдийг өөрсдөө болон хувь хүмүүс, албан байгууллагуудаар заруулдаг байна. Эдгээр 14 орны хүн амын тоо өнөөдрийн байдлаар 3.9 тэрбүм буюу дэлхийн хүн амын 52%-д хүрэхүйц хэмжээнд үйл ажиллагаагаа явуулж байна гэсэн үг юм. Зөвхөн Хойд Америк гэхэд өнөөдрийн байдлаар 480 сая орчимбараа бүтээгдэхүүн Амазоны сайт дээр борлогддог бол энэ нь 3 онлайн худалдаа болгоны 1 нь Амазоных гэж явдаг болж таарч байгаа юм. Энэ нүсэр платформын цаана 400 гаруй мянган ажилчид: “Customer Obsession” буюу худалдан авагчдынхаа сэтгэл ханамжийн төлөө бүхнээ дайчилж, ажиллах соёлтой ажилчид байдаг гээд бодохоор манай Монгол бизнес эрхлэгчид, бүтээгчдэд маань олзуурхууштай боломж гэж бодож явдаг юм.

Өнөөх хандалтыг яаж бийж болгох вэ? Амазоны хүмүүст Монгол гэдэг үгийг яаж олон сонсгох вэ? гэдэг асуултууд толгойд эргэлдсээр… нэг мэдэхэд дахиад л хэсэг хугацаа өнгөрчээ. Энэ хугацаанд Монгол хүн болсон юм хойно өнөөх хүн болгоны хэлдэг: “НӨҮ-ХАУ” буюу Know-How гэгчийг сурч, мэдэж тэр бүхнээ ямар нэг байдлаар эх орондоо бага ч гэсэн хэрэгтэй зүйлс зарцуулчих юмсан гэсэн сэтгэл бодол цаг тутамд л төрж байдаг гэх үү дээ. Хүмүүс гадагшаа явлаа, эх орондоо ирж юм хийсэнгүй гэж шүүмжлэх тохиолдол эх байдаг ч би тэр болгонтой нь санал нийлдэггүй. Учир нь дэлхийн технологийн хөгжил энд ид явж байна. Цахилгаан машин, өөрөө өөрийгөө жилооддог машин, удахгүй нисдэг машин, цаашлаад сансарт хүссэн хүн бүхэн нь явдаг болох нь, хиймэл оюун ухаан хүний амьдралын салшгүй хэсэг болж байна. Энэ бүхний дунд орж, буцалж, мэдэж, суралцаж түүнээсээ буцаад эх орондоо хүргэж, ахиц, дэвшилт гаргахад хувь нэмрээ оролцох хүмүүс зайлшгүй байх ёстой гэж улам ихээр бодох болсон. Мэдээж эх оронд маань иймэрхүү зүйлс бодож, сэтгэж, хийж байгаа хүмүүс байгаа гэдэгт итгэж байна. Гэтэл тэр бодол, санал, бүтээлийг дэмжээд гаргаад ирэх процесс, дэмжлэг бага – гаргаад ирсэн зүйлийг нь шингээх зах зээл нь бүр бага болчихоод байгаад байдаг байх. Энэ бүхний эцэст ямар ч байсан гадны оронд ажиллаж байгаа ч, эх орондоо “хийсэн” гэсэн зүйлтэй болно гэж хүсдэг хүсэл бол бий… Ингээд шинэ технологи, үйлчилгээ гарч ирэх тутамд л: “Монголд ийм зүйл оруулчихвал, хүмүүсийн амьдрал хэр өөрчлөгдөж, хялбар болох бол доо…” гэж бодох нь их. Наад зах нь л онлайнаар худалдан авалт хийхэд, түүнийг нь 2 хоногт, эсвэл бүр 1 хоногт, за бүр 1-2 цагт баталгаатай хүргээд өгчихдөг үйлчилгээ байвал яах вэ? Дэлгүүр ороод гарахдаа касс-нд бичүүлнэ гэж хүлээхгүй шууд аваад гараад явдаг бол яах вэ? гэх мэт зөндөө л асуултууд тохиолдоно. Заримдаа найзууд маань Монголд наа чинь явахгүй дээ…утаа, замын бөглөө, хулгай, зэлгий…гээд л хэлж өгнө дөө. Нэг том ажиглагдсан ялгаа нь юу вэ гэхээр АНУ-д хэрэглэгдээд байгаа: “баталгаатай, чанартай, найдвартай” гээд байгаа үйлчилгээнүүд нь Монголд хөрвүүлэгдэхээрээ: “бүтэхгүй, болохгүй, явахгүй, хулгай, зэлгий, луйвар” гэсэн үг, ойлголтын хананд тулаад зогсчихдог нь тиймэрхүү санагдсан. Ийм байдлыг хүлээн зөвшөөрөөд л, шинэлэг юм ярьж, оюун ухаандаа нэвтрүүлэх гэхээр л ийм зүйлсээр тагалчихаад байвал хэцүү санагддаг шүү.

Хамгийн сүүлийн үеийн технологиудын нэг болох: “Alexa” (Алекса) бол ухаалаг, хийсвэр хувийн туслах юм. Том өгөгдөл, хиймэл оюун ухаан дээр тулгуурлан хүний асуусан асуултанд хариулах, тодорхой түвшинд хөгжим тоглох, пицца захиалах, гэрэл асааж, унтраах гээд даалгасан зүйлсийг хийж чаддаг технологи. Энэ гарч ирэхэд би дотроо: “Монголд…” гээд л өнөөх бодлоо бодсон юм. Энэ бодлоо 2 жишээтэй холбож гаргаж ирье. 2016 оны зуны амралтаараа Монголдоо очлоо. Нэг өдөр ажлаар явж байгаад Монголд гэрээгээр ажиллаж байгаа (expat гэж нэрлэгддэг) хүнтэй танилцсан юм. Надаас гайгүй кофе шоп, хоолны газар, ойр болох арга хэмжээ гээд л их зүйлийн талаар асуусан юм. Би ч бас жилдээ ганц л очдог болохоор энэ талаар мэдлэг, мэдээлэл муу. Интернэтээс хайж үзлээ. Гэтэл үнэхээр криллээр бичээд, латинаар бичээд, буруу крилээр, буруу латинаар бичээд хайгаад хүссэн мэдээллээ олж чадсангүй. Өнөөх хүнээс иймэрхүү мэдээллээ ер нь яаж олж авч, амьдарч байна вэ гэхэд – “FB-р хайна эсвэл хүмүүсээс л сонсоно доо” гэж хэлэхийг нь сонсоод яагаад ч юм нэг дотор бачимдаад явчихав. Учир нь – өндөр хөгжилтэй орнуудад энэ асуудлаа технологи ашиглаад шийдээд өгчихсөн байдаг. Ингээд энэ хүнд амжилт хүсээд, дотроо нэгийг бодоод явсан юм даа. 2 дахь тохиолдол нь яг АНУ буцах үед болсон явдал. Явахын өмнөх өдөр гэнэт нотариат орж итгэмжлэл хийх шаардлагатайгаа санав. Амралтын өдөр байж таараад, амралтын өдөр онгорхой нотариат олно гэдэг ч өнөөх багадаа үздэг байсан Тансан лам баруун зүгт ном залахаар явж байгаа юм шиг л адал явдалтай зүйл болж хувирсан даа. Хичнээн их алхаж, хаалттай хаалганууд очиж тогшив… Нотариатуудын утасны дугаарууд нь интернэтэд биш хаалганы дээрх эсвэл цонхон дээр байгаа рекламны самбар дээрээ байдаг гэдгийг олж мэдлээ. Дотроо: “Энэ мэдээллийг нэг эмхэгтэж, цэгцлээд хүмүүс хайж олоход хялбар болгочихдог бол амар юм даа…” гээд л бас л бодогдож билээ. Нөгөө талаас намайг нотариат хайгаад явж байгаа гэдгийг аль нэг нотариатч нь мэдсэн бол магадгүй надруу өөрөө хандчихсан бол хэн хэндээ л амар болчих биз. Гэтэл энэ тогтолцоо нь даанч байхгүй. Өндөр хөгжилтэй орнуудад энэ асуудлыг шийдэж өгсөний бас нэг тустай тал нь өнөөх бараа, бүтээгдэхүүн, үйлчилгээ олгож байгаа хувь хүн, аж ахуйн нэгжүүд нь худалдан авагч, үйлчлүүлэгчдийнхээ талаар илүү их мэдээлэлтэй болох боломжтой болдог. Хэн хаана юу хамгийн ихээр хайж байна, оройн цагаар хүмүүс ямархуу төрлийн хоолны газар хайж байна, амралтын өдрүүдээр хүмүүс ямар үйлчилгээний газрууд хайж байна, хайхдаа юуг илүү сонирхож байна (интернэт хурд өндөртэй, гаднаа машины зогсоолтой, өглөө эрт онгойдог гээд л нарийсч өгнө шүү дээ). АНУ-д хэрвээ би яг нэг амралтын өдөр босоод магадгүй машиныхаа тосыг солиулахыг хүссэн бол утсаараа 2-3 минут хайхад л хүссэн мэдээллээ олоод авчихна. Гэтэл Монголд магадгүй гэрээсээ гарч, тос нь дуусч байгаа машинаа барьж хэдэн, хэдэн газруудыг очиж үзэж байж аль нэгнээр нь солиулах биз. Гэтэл тэр тосоо солиулсан газар нь чанаргүй үйлчилгээтэй, өмнө нь хүмүүс хохирч байсан газар бол бас яах вэ? Хохирогч болоод үлдэх үү эсвэл энэ мэдээллийг олж авах арга байна уу? Бас л бодох асуудал…

Ингээд бодохоор ганц Амазоны зүгээс Монголын талаар мэдээлэл: “харанхуй” байгаад байгаа биш Монгол улс дотроо ч гэсэн мэдээллэл харанхуй байгаад байна гэсэн дүгнэлтэнд хүрлээ. Технологийн компаньд ажиллаж байгаа хүний хувьд энэ бол технологиор маш хялбархан шийдээд өгчихөөр асуудал шиг санагддаг. Гэтэл өнөөдрийг хүртэл яг энэ чиглэлээр оролдож үзэж байсан хэд, хэдэн хувь хүмүүс, багууд байсан ч яагаад нэг их амжилт олоогүй байна вэ? гэсэн асуулт төрсөн юм. Салбарынхаа хүмүүстэй ярилцаж үзэхэд: “Хүмүүс нь иймэрхүү технологи хэрэглэж сурах болоогүй” гэсэн нийтлэг хариулт зарим нь өгч байсан бол зарим нь: “Худалдан авагч, худалдагч гэсэн харилцаа Монголд байраа сольчихсон байдаг. Юм авах гэж байгаа хүн нь зарж байгаа хүндээ загнуулан, зандруулан байж, гуйж байж арай гэж авдаг. Тиймээс бараа бүтээгдэхүүн, үйлчилгээ олгож байгаа газруудад тэгж цаг, хугацаа зарцуулж өөрсдийгөө технологи дээр байрлуулах шаардлага байхгүй. Худлаа мэдээлэл өгөөд эсвэл мэдээлэл нь шинэчлэгдэхээр тоохоо больдог” гэсэн ч хариултууд авч байлаа. Энэ магадгүй үнэний ортой байх. Өнөөдөр онлайнаар худалдаа хийнэ гэхээр л нурууных нь араар хүйт оргидог хүмүүс байна. Картаар худалдаа хийнэ гэхээр итгэхгүй, бэлэн мөнгөөр худалдаа хийдэг хүмүүс байна. Данснаас мөнгө авчихаад карт (дэвтэр)- дээрээ заавал тэрийгээ бичүүлж авдаг хүмүүс байна. Нэг л мэддэг хоолны газартай бол тэрийгээ насаараа сонгож, шинэ соргог юу байна гэдгийг олж мэдэхийг хүсдэггүй хүмүүс байна. За тэгээд мэдээж интернэт, ухаалаг төхөөрөмжүүд, апп – гэгчийд сайн ашиглаж чадахгүй эсвэл мэдэхгүй хүмүүс байна. Монголын хүн амыг 100% гэж үзээд дээр дурьдсан бүлэг хүмүүсийг хассаар байтал цаана нь үлдэх хүмүүс хэдэн хувьтай болж байгааг тооцоолмооргүй санагдах. Гэтэл энэ байдалтай бид нар эвлэрээд л яваад байх уу? Энэ: “мэдээллийн хар хайрцаг”-нд бид нар орчихоод, дотор нь төөрөөд, заавал бие, хүчээ гарган байж мэдээлэл гээчийг олж авах шаардлагатай ю? Заавал би 10 хоолны газар орж үзэж байж аль сайн гэдгийг нь олж мэдэх хэрэгтэй юу? Заавал 10 кофе шоп орж байж аль нь хамгийн сайн интернэттэй гэдгийг мэдэх шаардлагатай ю? Өмнө нь эдгээр газруудад орсон хүмүүс сэтгэгдлээ интернэтэд биччихсэн байвал, тэр мэдээллийг олж уншаад, шүүлтүүр хийгээд сайн гэснийг нь зориод очвол мөнгө, цаг хэмнэчихмээр санагдах юм.

Ийнхүү: “Мэдээллийн Хар Хайрцаг” гэсэн нэрчлэл гаргаж ирсэн юм. Энэ хар хайрцгийг бид нар эвдэх хэрэгтэй. Үүнийг эвдэхийн тулд 1 хүн хүчлээд нэмэргүй. Магадгүй өмнө нь үзсэн хүмүүс шиг дуусчих магадлалтай. Энэ хайрцгийг эвдлэхийн тулд: “awareness” гээж зүйлийг бий болгож, хүмүүсийн чихэнд, нүдэнд ийм юм байгаад байнаа гэсэн ойлголтыг, сэтгэгдлийг, мэдрэмжийг төрүүлэх хэрэгтэй байх. Массыг хамарч байж, олноороо хүлээн зөвшөөрч байж, бие биенээрээ хөшүүрэг хийж байж энэ хайрцаг эвдэрч, Монгол маань технологийн хувьд нэг дэвшилттэй алхам хийх байх гэж найдаж байна. Энэ “awareness” гээж зүйлийг яаж бий болгох вэ гэхээр – олныг хамарсан зүйл хийх хэрэгтэй. Өнөөдөр олныг хамарсан зүйл, технологийн холбоотой зүйл гэхээр хамгийн оновчтой шийдлүүдийн нэг бол: “hackathon” тэмцээн болж байгаа юм. Анх 1999 онд hackathon (hack + marathon) гэж хэрэглэгдэж байсан энэхүү ойлголт нь өнөөдөр дэлхий даяар хамрагдсан, олон төрлийн тогтсон, бүтэц зохион байгуулалттай, олныг хамтарч чаддаг, awareness бий болгож чаддаг зүйл нэгэнтээ болжээ. Үүн дээр үндэслээд, энэ зуны амралтаараа Монгол явахдаа Монголдоо: “HackUB” гэсэн нэртэй hackathon тэмцээн зохион байгуулъя гэж шийдсэн юм. HackUB гэдэг нь Hack Ulaanbaatar гэдгийн товчлол. Бас товчлоод үзвэл: “HUB” болчихож байгаа юм. Энэ hackathon-оор Монголдоо яг өнөөдөр өмнө дурьдсан мэдээллийн хар хайрцган дотор амьдарч байгаа хүмүүсийг авчирч, яриа хийлгэх, илтгэл тавиулах, туршлагаас хуваалцах за тэгээд мэдээж чадалтай багууд авчирч шийдэл гаргуулж авах юм. Статистикийн мэдээллээс харахад жилд Монголд дунджаар 400-500 мянган жуулчид ирж байна. Эдгээр хүмүүс наад зах нь Монголд ирээд хүссэн хоолны газар, бар, кофе шоп, дэлгүүр, зочид буудал, арга хэмжээнийхээ талаар мэдээллийг олон улсын стандард болсон Англи хэл дээр хурдан хугацаанд авчихаж чадаж байвал дотоодын бизнесүүдээ ч гэсэн дэмжих боломжтой болох байх гэсэн итгэл төрдөг юм. Үүн дээрээс нэмэгдээд гадаадын гэрээт ажилчид (expat), эх орондоо иргээд ирсэн Монголчууд (repat), за тэгээд мэдээж бизнессүүд эсвэл арга хэмжээ зохион байгуулж буй газрууд. #HackUB бол энэ бүгдийг холбож өгсөн апп зохиох тэмцээн болж хувирч байгаа юм.

19787103_553264718396502_8969336261164042992_o

#HackUB тэмцээнийг зохион байгуулах гээд өнөөдрийн байдлаар 10 сайн дурын хүмүүс 1 сар гаран ажиллчихаад байна. Тэмцээн нь маань 8.1 – 8.9-ны хооронд Startup Terminal гэсэн газар болохоор товлогдоод байгаа бөгөөд 7.1-нд багуудын бүртгэл эхэлчихсэн байгаа. Эхний 2 өдөр Bootcamp Session буюу зочид авчирч бизнес, менэжмэнт, технологи, Монголд тулгардаг асуудлуудын талаар ярианууд хийлгэж, мөн сургалт, мэдлэгийн шинж чанартай илтгэлүүд орох бол дараагийн 5 өдөр нь оролцох 10 багууд маань апп аа бичиж, бэлэн болгож, баг болгон дор хаяж 20 бизнес бүртгэж авч, 50 хэрэглэгчдээр хэрэглүүлэн сэтгэгдлийг нь бичүүлж авах юм. Ингээс сүүлийн өдөр багууд илтгэлээ тавьж хэн нь ялагч болохыг шийдэх болно. 10 багт ментор болохоор АНУ болон Японы томоохон технологийн компаниудад ажилладаг Монголчууд маань сайн дураараа элссэн байгаа. Эдгээр компаниудаад дурьдахад: Google, Facebook, Microsoft, IBM, Amazon…гэх мэт. Зочин илтгэгчид маань мөн шүүгчид маань бас маш чадварлаг хүмүүс байгаа гэдгийг хэлэх нь зүйтэй болов уу. Үүнд: Wagner Asia, Unread, Apple…зэрэг орж буй юм.

Энд нэг зүйлийг хэлэхэд – #HackUB төслийг зохион байгуулахдаа нэг тавьсан шаардлага бол Амазон-д ямар нэг байдлаар энэ төслийг дуулгах, хамтарч ажиллах байсан юм. Ингээд 2017 оны 5 сарын сүүлээр Амазоны хэсэг ажилчид дахин нэг удаа: “Монгол” гэдэг үгийг хаа сайгүй сонсох болсон юм. “Монголд ийм юм хийх гэж байна, дэмжээч…” гээд томоохон багууд руу шууд хандсан юм. Ингэж явсаар Amazon Web Services-ээс хамтарч ажиллах санал авч, ялсан багийн 7 гишүүнд Amazon Echo гэсэн машин алдартай ухаалаг туслахтай төхөөрөмжийг, мөн AWS-н хүн болгоны $100-н кредит, футбольк, наалт, тэмдэгллийн дэвтэр зэрэг зүйлсийг өгөхөөр болсон юм. Энэ бол маш том амжилт. Олон хүмүүс Монгол гэдэг талаар сонсож, анхныхаа удаа AWS-с Монголд болох гэж буй тэмцээнийг спонсорлох боллоо. Нөгөө талаас Монголд байгаа хөгжүүлэгчид, бизнес эрхлэгчид, судлаачид маань AWS-н талаар мэдэж боломжтой болж байгаа юм. WIN-WIN гэх үү дээ?

Ямар ч сайн дурын арга хэмжээ зохион байгуулахад төсвийн асуудал байнга үүсч байдаг. Наад зах нь байр, хоолны зардал, зохион байгуулах зардал, оролцогчдод өгөх бэлэг…гэх мэт. Тиймээс бид тэмцээн болохоос өмнө сайн багуудыг бүргүүлээрэй гэж уриалахаас гадна хөрөнгө оруулах хувь хүмүүс, албан байгууллагуудтай хамтарч ажиллахдаа байнга бэлэн байгаа гэдгийг албан ёсоор дуулгах хэрэгтэй байх. Хамтдаа нийлж байгаад, мэдээллийн хар хайрцагийг эвдэж, эх орондоо хэрэгтэй мэдээллийн технологийн дэвшилтэт алхам хийх боломж бидний урьд байна. Дэлхийн хэмжээний компаньд бас өөрсдийгөө таниулах боломж байна. Шилдэг оролцогчдоос ажлын боловсон хүчнээ сонгож авах боломж бас байна. Өөрсдийгөө сурталчлуулах боломж бас байна. Ингээд бодоод үзэхээр тэмцээн зохион байгуулах арга хэмжээнд багахан ч гэсэн хандив өргөж, тус болоход алдах зүйл байхгүй байгаа биз?

За ингээд блог пост оо өндөрлөе. Энийг бичих гэж 3 цаг орчим суулаа. Өмнөх постууд дээрээ байнга хэлдэг шиг нуршсан бол, үг үсгийн алдаа гаргасан бол хүлцэл өчье.

Мэдээллийн Хар Хайрцаг-н асуудалтай санаа нийлж, HackUB төслийг маань дэмжиж байгаа бол таниас хүсэх зүйлс бол:

  1. Энэ постыг SHARE хийх
  2. www.hackub.com сайтаар маань орж төсөлтэй танилцах, бүртгүүлэх эсвэл спонсорлох
  3. https://www.gofundme.com/hack-ulaanbaatar орж хандив өргөх

Эцэст нь – гадны өндөр хөгжилтэй оронд ажиллаж, амьдарч байгаа Монголчууддаа уриалахад: Know-How гэдгээ эсвэл байгаа боломжоо ашиглаад Монголдоо ямар нэг юм хийчих боломж байвал их бага гэлтгүй хийж байгаарай гэж уриалах байна. 🙂

Хүндэтгэсэн,
А. Амарбаяр

Эх сурвалж: https://amarbayara.wordpress.com/2017/07/08/123/

tech-crunch-disrupt

Хакатонд оролцогчдод зориулсан 10 зөвлөмж

Хакатон нь 24-48 цаг үргэлжилдэг бөгөөд үйл ажиллагааны үеэр багууд эцсийн бүтээгдэхүүний (вэбсайт эсвэл утасны апп-ны) ажилладаг загварыг зохион бүтээдэг. HackUB-ийн хувьд 48 цаг биш 7 хоногийн хугацаанд үргэлжлүүлэхээр бодож төлөвлөснөөрөө бас онцлог. Зарим тохиолдолд багууд тоног төхөөрөмж бүтээх нь ч бий.

1. Бодитой зорилгуудыг тавь.

einstein-quote

Маш олон оролцогчид Хакатонд орохдоо эцсийн бүтээгдэхүүний 1.0 хувилбарыг бүтээх зорилготой байдаг. Гэвч бодит байдал дээр 24 цагийн дотор ажилладаг болон хүмүүст танилцуулж болох загвар бүтээж чадвал Та өөрийгөө азтайд тооцох хэрэгтэй. Тийм учраас Хакатон эхлэх үеэс 24 цагийн дотор хийж гүйцэтгэх боломжтой төслийг зорилгоо болгох нь чухал. Эс бөгөөс Та ихэнх цагаа хийх боломжтой янз бүрийн зүйлсийг төсөөлөхөд зарцуулаад эцсийн эцэст зургуудаар дүүрэн танилцуулгаас өөр юмгүй хоцорно.

Том зүйлийг төсөөлж, жижиг зүйлсийг зорилгоо болгох хэрэгтэй. Таны хамгийн хялбар аргаар зохион бүтээж болох хамгийн их үр өгөөжтэй зүйл юу вэ?

2. Өөрийн багтаа авьяаслаг хүмүүсийг олж оруул.

Хэрэв Та бизнес эрхэлдэг програм бичихдээ тааруухан хүн бол өөрийн багтаа чадварлаг хөгжүүлэгчийг оруулах нь чухал. Үүнтэй адил хэрэв та дизайн гаргахдаа тааруухан хөгжүүлэгч бол авьяаслаг дизайнерыг өөрийн багтаа оруулснаар таны баг хүчирхэгжих болно. Зөв хүмүүсийг багтаа оруулснаар Та гарч болох бэрхшээлүүдийг давж чанартай загварыг бүтээж чадна.

 

Өөрийн багтаа яаж авьяаслаг хүмүүсийг татах вэ? Ихэнх Хакатонд үйл ажиллагаа нь эхлэх үедээ оролцогч нарт өөрсдийн санаагаа pitch хийх боломжийг олгодог. Тийм учраас юу бүтээхийг зорьж байгаа, үүгээрээ ямар асуудлыг шийдэх, ямар хүмүүст зориулж бүтээгдэх болон тэд яагаад уг бүтээгдэхүүнийг ашиглах талаар товч танилцуулга бичих нь Танд хэрэг болох болно. Үүнээс гадна Та өөрийн pitch-ийг бэлдэн ирвэл чадварлаг хүмүүсийг багтаа илүү сайн татах болно. Ингэхдээ ямар хүнийг хайж байгаа бас ямар хэл дээр код бичих вэ гэдгийг тодорхой хэлэх нь зөв. Жишээ нь хэрэв Та өөрийн загвараа Django дээр бичих бол Django-г ашиглаж чаддаг хөгжүүлэгчийг хайх хэрэгтэй гэсэн үг.

3. Спонсорууд болон зохион байгуулагчидтай танилц.

HackUB-ийн хувьд АWS-тэй хамтарч байгаа учраас та  Оролцогчид багууд шийдлээ гаргаж ирэхдээ доорх технологиуд дээр тулгуурлаж хийсэн байх шаардлагатай. Үүнээс цааш бусад хэрэгтэй технологийг өөрсдөө дурын байдлаар сонгож болно.

  • Amazon Web Service
    Амазон компанийн үүлэн тооцооллын сервисүүдээс заавал сонгож ашигласан байх хэрэгтэй. (https://aws.amazon.com)
  • Alexa SDK
    Багууд өөрсдийнхөө шийдлүүдийг Alexa хэмээх ухаалаг туслагчтай холбож өгсөн байх хэрэгтэй. (http://alexa.amazon.com/spa/index.html)

4. Гэрийн даалгавраа сайн хийж гүйцэтгэ.

Хакатонд оролцохоосоо өмнө програмуудыг судалж, ямар сангуудыг эсвэл API-ыг ашиглаж болох талаар мэдлэгтэй ирвэл Та үйл ажиллагааны үеэр бүх хугацаагаа загвараа зохион бүтээхэд ашиглах боломжтой юм.

Үүнээс гадна аль хэдийн бичигдээд санд бэлэн байгаа кодыг ашиглах нь зохион бүтээх үйл явцыг түргэвчилж өгдөг. Гэвч ингэхдээ дутуу бичигдсэн эсвэл алдаатай кодуудад анхаарлаа хандуулах хэрэгтэй. Учир нь алдаатай кодыг засахдаа Та өөрөө шинээр бичсэнтэй адил хугацаа зарцуулж болох юм.

Хаанаас итгэл даах код олох вэ? Гэрийн даалгавраа сайн хийж гүйцэтгэх хэрэгтэй. Бичигдэж буй кодуудыг судалж өөрөө туршиж үзсэн байвал сайн. Жишээ нь хэрэв Та Python дээр ажиллаж байгаа бол PyPi-аас код олж болно. Харин DjangoPackages нь Танд төстэй Django кодуудыг харьцуулах боломжийг олгодог. PyPi-тай төстэй өөр нэгэн хувилбар бол Crate.io. Түүний тусламжтайгаар Та кодуудын талаарх нэмэлт мэдээлэл авах боломжтой юм.

5. Загвараа хянахдаа Github-ыг ашигла.

Кодоо бичиж эхлэхдээ Github-д орон зай үүсгэх таны ажлыг маш их хөнгөлөх болно. Ингэхдээ feature branches ашиглан баг доторх хүн болгоныг өөрсдийн хэсэгт ажиллуулж болно. Гишүүн болгоны бичсэн кодыг шууд мастер хэсэгтэй холбож багынхаа хийсэн загварыг эрсдэлд оруулж байсны оронд мастер хэсгийг өөрийн хэсэгтэйгээ холбох хэрэгтэй. Ингэснээр гишүүний бичсэн кодыг өөрөө шалгасны дараа мастер хэсэгтэй холбох боломжтой юм.

6. Deployment болон hosting хийхдээ PaaS-ыг ашигла.

PaaS-ыг ашигласнаар deployment-ыг богино хугацаанд хийж үлдсэн хугацаагаа код бичихэд зарцуулах боломжтой юм. Бид Танд Amazon AWS, Heroku, Dotcloud, OpenShift болон Stackato-г санал болгож байна. Хэрэв та Django хөгжүүлэгч бол Django deployment-д зориулсан PaaS provider-уудыг харьцуулсан энэ нийтлэл Танд хэрэг болох болов уу.

Хакатон эхлэхээс өмнө дээр дурдагдсан PaaS provider-уудтай танилцаж PaaS нь Таны бичих гэж буй програмд тохирох үгүй олж мэдэхийг бид зөвлөж байна.

7. Завсарлага ав.

Цаг бага үлдсэн, баг тань Таны бичиж буй програмд найдлага тавьж байхад Та нэг газраа өдөржин суугаад хуруунуудаа мэдрэхгүй болтлоо код бичсэн байж болохгүй. Тийм учраас зарим оролцогчид бугуйгаа өвтгөхгүйн тулд ажиллахад тухтай keyboard авчирдаг.

Ширээнээсээ босож, мөр болон бугуйн дасгал хийж, ус ухаа мартаж болохгүй шүү. Заримдаа програмаасаа хэсэг хугацаанд холдоод, завсарлага аваад буцаж ажилдаа орох үед хэцүү асуудлууд шийдэгддэг.

8. Бүтээгдэхүүнийхээ төгс танилцуулгыг төсөөлөөд түүнээсээ ухарч ажил.

Өөрөөр хэлбэл төгс танилцуулгынхаа ямар хэсгүүд эсвэл шийдлүүд дээр үзэгчдийн анхаарлыг татмаар байгаагаа бодож төлөвлө. 24 цагийн дотор төгс програм бичих гэж хичээхээс илүү үзэгчдэд юу харуулмаар байгаагаа шийдээд түүн дээрээ ажиллах нь зөв. Хэрэв Та програмаа цааш нь хөгжүүлэхийг хүсвэл ямар ч үед хийгээгүй орхисон хэсгүүдээ нөхөж болно.

Хакатонд ирэхээсээ өмнө яаж дэлгэцийн бичлэг хийх талаар судалснаар Та үйл ажиллагааны үер маш их цаг хэмнэх боломжтой.

9. HTML/CSS framework ашигла

ourmy_mockup_300px

Хакатонд ирэхдээ өмнө нь хийж байсан wireframe болон mockup-уудыг авчрах нь үйл ажиллагааны үеэр таны цагийг хэмнэх болно. Харин HTML/CSS-ийн хувьд сайн харагдах үзэмжтэй загвар (prototype) хийхдээ Twitter Bootstrap эсвэл Zerb-ийг ашиглахыг бид санал болгож байна. Учир нь ингэхдээ хөгжүүлэгч нь бараг ямар ч CSS код бичих шаардлагагүй болох юм.

Хэрэв Таны Twitter Bootstrap вэбсайт яг л бусад bootstrap сайтуудтай ижил харагдана гэж эмээж байвал Bootswatch-ийн тусламжтайгаар үнэгүй эсвэл Wrapbootstrap-аар бага хэмжээний мөнгө төлөөд bootstrap theme авах боломжтой. Twitter Bootstrap-ын гол давуу тал нь Та өөрийн багийн техникийн өндөр мэдлэггүй ч чадварлаг дизайнертаа Jetstrap-ыг ашиглаж template хийх үүрэг өгч болно.

10. Цагийг хөгжилтэй өнгөрөө.

Хакатонд цагийг хөгжилтэй өнгөрөөх гэж ирснээ бүү март. Тийм ээ, Хакатон бол нэг төрлийн өрсөлдөөн. Гэвч нөгөө талаасаа Хакатонд шинэ зүйлийг туршиж үзэх, хүмүүстэй танилцах, мэдлэг бас туршлага олж авах болон байгаагүй зүйлийг зохион бүтээх гэж хүмүүс оролцдог юм. Хүссэн амжилтаа гаргаагүй гэж бүү сэтгэлээр унаарай. Зүгээр л цагийг сайхан өнгөрөөж чадах чинээгээрээ хүчин чармайлт гаргаж оролцоорой. Хакатон бол түрүүлэхдээ гол биш оролцохдоо гол нь байдаг тэмцээн юм.

Happy hacking!

1-5JIfJBFHZWmyFp5t7-OkKA

Яагаад Хакатонд оролцох хэрэгтэй вэ?

Хакатонд оролцох гэдэг нь эхэндээ Таны санааг зовоож болох ч, үнэндээ хоёр хоног үргэлжилдэг энэ үйл ажиллагаанд хүрэлцэн ирснээр Та шинэ санаа болон шинэлэг технологийг бүтээх боломжтойгоос гадна зорилгуудаар дүүрэн хүмүүстэй уулзаж, шинэ мэдлэг болон ур чадварыг олж авах юм. Хакатонд оролцохын тулд Та ямар нэгэн гоц ухаантан эсвэл програм хангамжын мэргэжилтэн байх албагүй юм.

Хакатоны үеэр яг юу хийдэг юм бэ?

Хакатонд Та хүрэлцэн ирэхэд Таныг 50-аас 1000 хүртэлхи суралцах хүсэл эрмэлзэлтэй бас найрсаг оюутнууд угтаж авах болно. Таныг зохион байгуулагчид болон сайн дурын ажилтнууд бүртгээд, хэдэн урмын үгс хэлчихээд Таны асуусан бүх асуултанд хариулах болно.

Хамгийн эхэнд Таны хийх ёстой зүйл бол цүнхээ нэг газар олж тавиад нээлтийн үйл ажиллагаа эхлэх хүртэл шинэ хүмүүстэй яриа өдөх юм. Хакатон бол нэг төрлийн нийгмийн үил ажиллагаа учир аль болох олон хүнтэй танилцах хэрэгтэй. Танихгүй хүмүүсээс амралтын өдрүүдийнх нь төлөвлөгөө, ямар утас болон компьютер хэрэглэдэг болон өмнө нь хакатонд оролцож байсан үгүйг нь асууж болох юм.

Эцэст нь Та хурлын танхимд орж ирэн нээлтийн үг сонсох болно. Харин зохион байгуулагчид Танд Хакатоны үеэр болох арга хэмжээнүүдийн төлөвлөгөөг танилцуулах болно. Дараа нь спонсорууд ялсан багт шагнал болж очих технологийг танилцуулахад, зарим компаниуд өөрсдийн дадлагын ажлын хөтөлбөрөө танилцуулж болох юм. Заримдаа алдартай хүмүүс ч хүрэлцэн ирэх боломжтой юм.

Ингээд Хакатоны гол үйл ажиллагаа эхлэнэ. Танилцсан хүмүүстэйгээ нэг багт орон юуг ч ямар ч төхөөрөмжөөр хийж болно. Таны зохион бутээсэн зүйл заавал Хакатонд ялах зорилготой байх шаардлаггүй, учир нь Хакатонд оролцож буй хүмүүс ялах биш технологитой “тоглох” гэж ирдэг.

Хэрэв та хүсвэл өөрийн төсөлд 24-36 цагийг зарцуулж болно. Ихэнхи галзуу хүмүүс тэгэх л хандлагатай байдаг. Гэвч Та зарим цагийг үнэгүй хоол идэхэд бас бага ч гэсэн унтахад зарцуулах нь чухал. Ихэнхидээ ажлын хажуугаар Таныг амраахын тулд хөгжилтэй үйл ажиллагаанууд явагддаг.

Төслөө бичиж дуусгах үе шатанд жижиг алдаануудыг засах гээд оролцогчид яарч сандрах нь нийтлэг. Гэвч эцэстээ тэдэнд өгөгдсөн хугацаа дуусаж төслөө танилцуулах цаг ирнэ.

Жижиг Хакатоны үеэр (< 200 хүн) баг бүр өөрсдийн төслөө танхим дахь бүх оролцогчид болон шүүгчдийн өмнө танилцуулдаг. Хэрэв таны бичсэн код ажиллахгүй эсвэл Та түүнийг боловсронгуй бус гэж бодвол, энэ мөч нь Хакатонд өөрийн сурсан мэдсэн зүйлсээ бусадтайгаа хуваалцах боломж юм. Үүнээс гадна бусдынхаа бичсэн төсөлтэй танилцах нь сонирхолтой шүү дээ. Том Хакатоны үеэр (> 200 хүн) баг болгоны танилцуулгыг сонсоход дэндүү их цаг орох учраас үзэсгэлэн гаргадаг. Оролцогчид явж бусдынхаа төсөлтэй танилцаад тодорхой багууд сонгогдон өөрсдийн төслөө бүх ирсэн хүмүүсийн өмнө хаалтын үйл ажиллагааны үеэр танилцуулдаг. Ингээд шагналуудаа гардуулан, талархлын үгсээ хэлэн зохион байгуулагчид оролцогчдоо дараа жилийн Хакатоны үйл ажиллагаандаа урьдаг.

Хакатонд оролцохын давуу тал юу вэ?

1. Та нэг Хакатонд оролцсоноор их сургуулийн нэг сарын лекцээс илүү практик дээр суурилсан мэдлэгийг олж авах болно. Хакатонд Та санаа бодож олох, бусадтай хамтран ажиллах, төсөл удирдах, програм хангамжийн инженерүүдийн өдөр тутамдаа ашигладаг кодын сан болон API-ыг ашиглах, хугацаандаа амжиж даалгавраа биелүүлэх, debug болон deploy хийх, програм туршихаас гадна сайжруулах болон төслөө тайзан дээр танилцуулах гээд маш олон төрлийн ур чадваруудыг хөгжүүлэх болно. Багаар ажиллах явцдаа Та янз бүрийн хэрэгтэй аргуудад суралцах болно. Энэ мэдлэг болон ур чадварууд нь Танд илүү чадврлаг хөгжүүлэгч эсвэл илүү өрсөлдөх чадвартай ажилтан болоход туслах маш том хөрөнгө оруулалт юм.

2. Хакатон бол хүмүүстэй танилцаж найзууд болох эсвэл ажлын хамтрагчаа олох гайхалтай боломж. Хэрэв та технологи сонирходог хүн бол Танд дэлхийн өнцөг булан бүрт ажилладаг ухаалаг бас зохион бүтээгч сэтгэлгээтэй хүмүүстэй танилцах нь таатай байх болно гэдэгт бид итгэлтэй байна.

Хүмүүстэй танилцах гэснээс технологийн аж үйлдвэрт үйл ажиллагаагаа явуулдаг ажил олгогчид ирээдүйн ажилчдаа хаанаас хайдаг гэж Та бодож байна? Хакатоноос! Ажил мэргэжлийн үзэсгэлэнгээс ялгаатай нь Хакатонд оролцсоноор Та хөгжүүлэгчидтэй хамт өдрүүдийг өнгрөөж, тэднээс суралцаж, өөрийн ажлаа танилцуулж, тэдэнд сайхан анхны сэтгэгдэл үлдээж болно.

3. Хакатонд оролцоход хямд байдаг. Хоол, ус, ундаа гээд л бүх зүйлс үнэгүй. Байрлах газартаа Та мөнгө төлөх шаардлаггүй. Түүнээс гадна танд оролцсоны төлөө футболк болон стикер өгөх болно. Хэрэв таны төсөл шилдгээр шалгарвал Та маш том шагналтай гэртээ харих болно. Харин Танаас зөвхөн тээврийн зардал л гарах болвуу.

Хакатонд оролцохоос айх хэрэггүй.

Маш олон хүмүүс өөрсийн чадвартаа эргэлзэн Хакатонд орхоос имээдэг. Гэфч яг үнэндээ Хакатонд оролцохын тулд Та програм хангамжын мэргэжилтэн байх шаардлагагүй.

Би код бичиж мэдэхгүй бол яах вэ?

Асуудал биш ээ! Маш олон хүмүүс код бичих өндөр түвшний мэдлэггүйгээр Хакатонд оролцдог. Хэрэв Та өмнө нь код бичиж байгаагүй бол Хакатон нь үүнийг сурах сайхан боломж. Учир нь оролцох хугацаанд Танд туршлагатай мэргэжилтнүүд туслах болно. Код бичих нь Танд маш хэцүү зүйл мэт харагдаж болох ч, түүнийг бичиж эхлэх амархан байдаг.

Хэрэв та аль хэдийнээ код бичсэн туршлагатай бол Та шинэ багт орон шинэ зүйлс сурч хамтдаа төсөл бичих болно.

Миний асуултууд хүмүүсийг цухалдуулах болвуу?

Таны асуултууд хэнийг ч цухалдуулахгүй ээ! Хакатон бол мэдлэгийг тойрсон үйл ажиллагаа учир Та асуулт тавих нь байх ёстой зүйл мөнөөсөө мөн. Оролцогчид Таныг сонсоход болон мэдлэг олж авхад нь туслахад бэлэн байх болно. Үүнээс гадна тэргүүлэгч компаниудаас хүрэлцэн ирсэн Менторууд (Зөвлөгч нар) танд туслахад мөн адил бэлэн байх болно.

Хэрэв Та хэн нэгнийг олохгүй байвал сайн дурын ажилчдад хандаж болно. Тэд өөрсдөө Танд тусалж чадахгүй байсан ч чадах хэн нэгнийг олж өгөх болно.

Би тэнд хэнийг ч танихгүй бол яах вэ?

Үүнд бүү санаа зов! Та Хакатонд ирмэгцээ хүмүүстэй танилцах болно. Маш олон хүн оролцохдоо өөрийн гэсэн баггүй ирдэг учир Та чөлөөтэй тэдэнтэй танилцаж бас баг хайж байгаагаа болон тодорхой зүйлс дээр тусалж чадахааа илэрхийлж болно.

Хакатон эхлэхдээ ихэвчлэн баг бүрдүүлэх үйл ажиллагаа явуулдаг. Тийм учир та хүмүүстэй ярилцхаас гадна facebook group-д нэгдэн тэндээс өөрийн багийн гишүүнээ олох боломжтой байдаг.

Мэргэжилтний арга: өөрийн найзуудаа Хакатонд урьвал Та яасан ч ганцаардахгүй.

Надад ямар ч санаа байхгүй бол яах вэ?

Зүгээрдээ. Ихэнхи хүмүүс Хакатонд ирэхдээ ямар ч санаагүй ирдэг. Гэвч хумуустэй ярьж эхэлмэгц танд санаа орж ирж болно. Хэрэв танд өөр нэг хүний санаа таалагдвал Та түүнтэй хамт санааг нь хөгжүүлж болно. Та шагналын сан дахь төхөөрөмжүүдээс ч санаа авч болно шүү дээ! Сүгээр л бүү санаа зов. Танд санаа олдоно.

Би хаана унтаж болох вэ?

Заримдаа унтахад зориулсан эрэгтэй эмэгтэй хүний тусгай өрөөнүүдийг зохион байгуулагчид бэлдсэн байдаг. Заримдаа буйдан дээр эсвэл өөрийн ширээний хажууд шалан дээр унтах тохиолдол ч бий. Юу ч болсон та өөртөө аяны ор болон дэр авчрахад илүүдэхгүй. Хакатоны үеэр унтахад бага зэрэг тухгуй байж болох ч олж авч бүй туршлагаа бодоод аль болох сайн амрах хэрэгтэй.

Хоол байх болвуу?

Мэдээж! Хоол, ус, ундаа гээд бүгд арга хэмжээний уед үнэгүй байх болно,

Хэрэв би өөрийн төслөө танилцуулахыг хүсэхгүй байвал яах вэ?

Та өөрийн төслөө гайхалтай биш эсвэл шагнал авахгүй болхоор бусдад үзүүлэх хэрэггүй гэж бодож болох юм. Хакатон бол өөрийн төслөө гайхуулах талбар эсвэл шагнал авахын төлөөх тэмцэл биш юм. Хакатонд хүмүүс суралцах болон технологитой “тоглох” гэж оролцдог. Өөрийн бичсэн төслөө танилцуулахгүй байх ямар ч шалтгаан байхгүй. Таны програм ажиллахгүй эсвэл Та дуусгаж амжаагүй байсан ч өөрөө юу хийхийг оролдсон, ямар сорилтуудтай тулгарсан, ямар технологийг ашигласан болон юу сурсныхаа талаар ярьж болно.

Яаж оролцогчоор бүртгүүлэх вэ?

Та HackUB вэбсайтаар зочлоорой!

HackUB 2017 © All Rights Reserved